Үүл байхсан.
Заримдаа дааж чадахгүй гунигаа үүл шиг асгачихдаг байсан бол яасан сайхан бэ? Тэнгис далайн дээгүүр тив дэлхийг тойрон эрх чөлөөтэй нүүдэллэн аялах сайхан байдаг байх даа. Тэр аялалынхаа явцад олон гайхалтай зүйлтэй учирна даа. Цангасан цэцгүүдийг бяцхан бороон дуслуудаараа ундаалж, цайран зэргэлээтэх халуунд хүмүүст хэсэгхэн тайвшрал авчирах сүүдэр үзүүлж, цахилгаан цахиулж салхийг хөлөглөх үүл.
Хүсвэл хур болж газарт айлчилаад хэт удалгүй тэнгэртээ буцаж залардаг газар тэнгэрийн охин, гал усны хамтрал байхсан.
Мөн чанартаа энгийн л усны молекул атлаа харж буй нүдэнд юу ч болж хүртэгдэж болох тодорхойлж боломгүй, үргэлжийн өөрлөлтөнд орших ч өөрийгөө хэзээ ч алддаггүй, харагдаж үзэгдэх ч хүрч барих боломжгүй оршихуй. Ширтэх тусам сонирхол төрүүлж, мэдэх тусам гайхшруулах энгийн атлаа эгэлгүй үзэсгэлэнтэй нууцлаг үүл.
Энэ орчлонг үзэж барчихаад халуун нарны төөнөх илчинд хэт их жаргахдаа хэзээ ч байгаагүй юм шиг ууршин алга болох үүл байхсан.
2023.01.11